November 23, 2011

Ниллэг буюу цикламен


Ниллэг

Ниллэг буюу цикламен маань булцуутай бөгөөд цэцгээрээ гоёдог олон наст ургамал юм. Ниллэг цэцгийн уугуул нутаг нь Газар дундын тэнгис  болон Испани, Ираны зүүн хэсэг мөн Өмнөд Африк улс юм. Ниллэгийн цэцэглэх иш нь 22-30 см, цэцгийн дэлбээ нь гадагш эргэсэн 2,5-5 см урттай, зүрх хэлбэрийн навч 5-8 см голчтой өвөл цэцэглэдэг ургамал юм.


Навчис нь саарал мөнгөлөг өнгийн хүрээтэй, урт шилбэтэй ганцаар байрласан цэцэгтэй, цоморлигийн навчис нь цайвар ногоон, дэлбийн хэлтэс нь соортынхоо шинжийг илэрхийлсэн тод ягаан, цайвар ягаан, цагаан гэх мэт янз бүрийн өнгөтэй байна. Гэрэлсэг ургамал учир нарны ойж сарнисан гэрэлтэй цонх, тагтанд байрлуулж болно. Ниллэгийг үрээр, зуны улиралд болцууг нь хуваан үржүүлж болдог. Европ ниллэгийг жижигхэн төл болцуугаар нь үржүүлнэ. Үрээр тарих нь бага зэрэг хугацаа шаарддаг бөгөөд сэрүүн болон харанхуй газарт соёолдог байна.  Дунджаар 2 орчим сар болдог ба үрээр тарисан ниллэг маань ойролцоогоор жил хагас юмуу хоёр жилийн дараанаас цэцэглэн таны гэрийг өвлийн цагаар чимээд эхлэнэ дээ.
Ниллэг цэцгийн булцуу нь амархан ялзарч мууддаг тул усаа дээрээс нь биш доод талаас услах нь илүү тохиромжтой. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл та саванд ус хийгээд ваартай ниллэгээ дотор нь хийнэ гэсэн үг. Мэдээж савтай ус маань бага байна.
Өвөл цэцэглэснийх нь дараа ишийг нь тайрч авч булцууг амраах нь дараа жилийн цэцэглэлтэнд чухал нөлөөтэй байдаг. 

"Ниллэг" цэцэг нь тогтворгүй байдал, сул дорой занг ялан дийлэхэд тусалдаг. Мөн нүдний хараанд сайнаар нөлөөлдөг байна. Гэр оронд "Ниллэг" цэцэг байвал чөлөөтэй, халуун дулаан орчинг бий болгодог. Эрх, дүрсгүй хүүхдийг тайвшруулж, гэр бүлийн гишүүд бие биедээ эв найртай байхыг эрмэлзэх болно.
Сониноос ниллэг маань үхрийн ордныхонд ээлтэй цэцэг гэсэн шүү. Гэртээ тариад үзээрэй.  Өнгө өнгөөрөө, сорт сортоороо олон янзын ниллэгээр өвлийн цагт гэрээ чимээрэй.

No comments:

Post a Comment